Энэ сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр, энэ сарын 4, 5-нд ихэнх нутгаар, 6, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.
02 дугаар сарын 02-ноос 11-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвт:
Хур тунадас нь 3-нд Дархадын хотгороор, 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр хүрч, 4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур 4, 5-нд ихэнх нутгаар, 6, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -15…-20 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвт 3-4-нд шилжих шөнө ялимгүй цас орж, бусад хугацаанд цас орохгүй байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 4-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрнэ.
Агаарын температур 4-нөөс хүйтний эрч чангарч, Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -32…-37 градус, бусад хэсгээр -26…-31 градус, өдөртөө -15…-20 градус хүйтэн байна.
