Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж мөнгө угаасан хэргүүд шүүхэд шилжжээ

Прокурорын байгууллагаас 2024 оны нэгдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,682 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан байна. Энэ хугацаанд 1,953 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдэж, 860 хэрэг шинээр нээгдсэн бөгөөд 321 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 140, өмчлөх эрхийн эсрэг 66, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 91, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зургаа, хүний амьд явах эрхийн эсрэг тав, хүрээлэн байгаа орчны эсрэг дөрөв, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гурав, эдийн засгийн болон авлигын гэмт хэрэг тус бүр хоёр, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр нэг тус тус бүртгэгджээ.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэрэгт:
– Б.Т нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй мөртлөө шалгалтад тэнцсэн мэтээр гэрчилгээ гаргуулан авч, бусдад хахууль өгсөн хэргээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
– Б.М нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор Улсын бүртгэлийн газарт өөрийн биеэр ирээгүй байхад гадаад паспорт гаргуулсан хэргээр яллах дүгнэлт үйлдсэн.
– О.З, Т.Б, Д.Т нар “Pokerrr2” аппликейшн ашиглан “Lion Club” нэртэй цахим покер тоглоом зохион байгуулж, олсон ашгийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан мөнгө угаасан хэргээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
– Т.С нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис каннабисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэргээр яллах дүгнэлт үйлдсэн.
– Н.А нь мөн хориглосон сэтгэцэд нөлөөт бодис өвсийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэргээр яллах дүгнэлт авсан.
– Л.Ө нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис олсны ургамлыг хууль бусаар түүж, шавар гэх бодисыг гарган авч бусдад худалдсан хэргээр яллах дүгнэлт үйлдсэн.
Эдгээр хэргүүдийг тус тусын анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Ерөнхий Прокурорын Газар мэдээллээ.
