Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үйл ажиллагаагаараа хамгийн их таалагддаг улс төрчээр тодорчээ

MEC судалгааны байгууллагын 2024 оны нэгдүгээр сард гаргасан судалгаагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нь үйл ажиллагаа нь хамгийн их таалагддаг улс төрчөөр тодорчээ.
Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн бөгөөд гэр бүлд нь эхнэр, хоёр охин багтдаг. Тэрбээр халх үндэстэн угсаатан юм.
Түүний боловсролын замналд 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, 1989 онд Батлан хамгаалахын их сургуульд улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна.
Түүний улс төрийн ажил албан тушаалын түүхэнд 1989-1990 онд Монголын Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 1999-2000 онд нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Мөн 2000-2008 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, 2006-2008 онд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар ажилласан байна.
2008-2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015, 2016-2017 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байв.
Тэрбээр 2017-2021 онд Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, мөн Монгол Ардын намын дарга байсан бөгөөд 2020-2021 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллажээ.
2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар ажиллаж байна.
