Pop Mart компани Европ дахь төв оффисоо Лондонд нээнэ

Их Британийн ерөнхий сайд Кир Стармер Хятадад айлчилсан үеэрээ Лабубу тоглоомын үйлдвэрлэгч Pop Mart компанийн үүсгэн байгуулагчтай уулзжээ. Уулзалтын үеэр Pop Mart компани Европ дахь төв оффисоо Лондон хотод байгуулахаар тохиролцсон байна.
Pop Mart компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ван Нин Лондоныг дэлхийн бүтээлч экосистемийн төв гэж тодорхойлж, Европ дахь үндэс сууриа Лондонд тавихад баяртай байгаагаа илэрхийлжээ. Энэ хүрээнд компани Их Британид долоон шинэ салбар дэлгүүр нээж, 150 гаруй шинэ ажлын байр бий болгох төлөвлөгөөтэй байна.
Мөн Pop Mart ирэх нэг жилийн хугацаанд Европ даяар 20 орчим шинэ дэлгүүр нэмж нээхээр төлөвлөж байна. Кир Стармер нь сүүлийн найман жилд Хятадад айлчилсан Их Британийн анхны ерөнхий сайд бөгөөд тэрбээр Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин дэлхий дахинд тогтворгүй байдал ноёрхож буй энэ үед хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээхийг уриалсан байна. Стармер урт хугацааны, тогтвортой стратегийн түншлэлийг эрэлхийлэх нь хоёр улсын хувьд чухал болохыг онцолсон юм.
Pop Mart компани “Сохор хайрцагтай” цуглуулгын тоглоом, Лабубу хүүхэлдэйн цувралаараа алдаршиж, Хятадаас гадна дэлхийн олон оронд салбар нээж байна. Өнгөрсөн оны дунд үед Европ даяар 18 дэлгүүр ажиллуулж байсан бол Копенхаген, Ром зэрэг хотуудад найман шинэ дэлгүүр нээжээ.
Citigroup-ийн шинжээчид 2026, 2027 онуудад тус компанийн гадаад зах зээлийн орлого тус тус 55, 60 хувиар өсөх тооцоо гаргасан байна.
