Ёкозүна Терүнофүжийн зодог тайлах ёслол өнөөдөр болно

Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол өнөөдөр Японы Токио хотод болно.
Дээд зиндаанд 10 удаа түрүүлсэн тэрбээр 2025 оны нэгдүгээр сарын тэмцээнд хоёр ялж, гурав унасныхаа дараа бөхийн замналаа өндөрлүүлэхээ зарласан юм. Тэр цагаас хойш Исэгахама дэвжээндээ багшилж байгаа бөгөөд зодог тайлах ёслолын тасалбарууд бүрэн зарагдсан байна.
Ёслолын хамгийн үнэтэй тасалбар 60,000 иен (ойролцоогоор 324,000 төгрөг), хамгийн хямд нь 7,000 иен байна.
Терүнофүжигийн ёслолд их аварга Хакүхо М.Даваажаргал, дархан аварга Н.Батсуурь нар оролцохоор мэдэгдсэн юм.
Мөн Хакүхогийн нэрэмжит “Hakuho Cup” тэмцээн ирэх сарын 7-8-нд Токио хотын “Toyota Arena”-д болох бөгөөд энэ удаад анх удаа эмэгтэйчүүдийн ангилал нэмэгдэж, олон насны ангилалд аваргууд тодрох ажээ.
