Сар шинийн баярын өмнө согтууруулах ундааны хууль бус худалдаанаас болгоомжлохыг анхааруулж байна

2026-01-30 20:011min
20260130-200147-file.jpeg
Замын-Үүд дэх гаалийн газраас согтууруулах ундааны онцгой албан татварын хуурамч тэмдэг бүхий хууль бус барааг илрүүлэн таслан зогсоожээ. Иргэдийг үйлдвэрлэгч тодорхойгүй архи согтууруулах ундаанаас татгалзаж, хууль бус худалдаанаас болгоомжлохыг анхааруулж байна.

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан иргэдийг үйлдвэрлэгч тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй архи согтууруулах ундаанаас татгалзахыг анхааруулж байна.

2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Замын-Үүд дэх гаалийн газарт 202,863 ширхэг импортын согтууруулах ундааны онцгой албан татварын хуурамч тэмдгийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн таслан зогсоожээ. Уг хэрэг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэгдэж, шалгалт үргэлжилж байна.

Мөн Монгол Улсад хууль ёсоор импортлогдож байгаа болон татваргүй барааны дэлгүүр, чөлөөт бүсэд худалдаалагдаж буй согтууруулах ундааны гарал үүслийг гаалийн байгууллага бичиг баримтын түвшинд шалган баталгаажуулж, лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт тавьж байна.

Сар шинийн баярын үеэр АНУ, БНХАУ, БНСУ зэрэг орнуудаас цахим орчин болон бусад худалдааны платформуудаар согтууруулах ундааны худалдаа, захиалга авах, мөн шуудан, карго илгээмжээр хувь хүмүүс согтууруулах ундаа хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх, хүлээн авах тохиолдлууд гарч байгаа тул иргэд хууль журмыг чандлан сахихыг анхааруулж байна.