Нийслэлийн Эрүүгийн хэргийн шүүх Ц.Санжаачойпэл нарын хэргийг хэлэлцэв

2026-01-30 10:301min
20260130-103033-file.jpeg
Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тэднийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэгт буруугүй гэж үзсэн ч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт ял оноосон байна.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны 1 дүгээр сарын 29-нд Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар дээрх дөрвөн хүнийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Мөн тэдэнд зодуулсан Д.Саяннямбууг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэгт буруугүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна.

Гэхдээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутай гэж үзэн, зорчих эрхийг нь хязгаарлах ял оноосон юм.

Д.Саяннямбууг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тооцож, торгох ялаар шийтгэсэн гэж Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ мэдээлэв.