Цагдаагийн байгууллага хуурамч архи худалдаалах зөрчлийг нэмэгдэж байгааг анхаарууллаа

2026-01-28 11:001min
20260122-110035-file.jpeg
Цагдаагийн байгууллага хуурамч архи согтууруулах ундааг хямд үнээр цахим орчинд зарлаж, гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байгааг мэдээллээ. Иргэд бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошго, лац зэргийг сайтар шалгахыг зөвлөж байна.

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан иргэдийн хэрэгцээ шаардлагыг ашиглан гадаад улсаас хуурамч шошго, брэндийн архийг хуурамчаар үйлдвэрлэн, хүний эрүүл мэндэд хортой байх магадлалтай архи, согтууруулах ундааг хямд үнээр цахим орчинд зарлаж, гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна.

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр гар дээрээс архи согтууруулах ундааг худалдан борлуулсан 666 зөрчлийг илрүүлжээ. Үүний үр дүнд 663 иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч, хуурамч архи согтууруулах ундааг хураан авч устгасан байна.

Эдгээр зөрчилд торгуулийн шийтгэлээс гадна хуульд заасны дагуу зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах зохицуулалттай байдаг. Цагдаагийн байгууллагаас иргэдэд цахим орчинд байршуулсан хямд үнэ бүхий гарал үүсэл тодорхойгүй, хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундаа худалдан авч, өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулахгүй байхыг анхааруулж байна.

Хуурамч архийг танихад дараах шинж тэмдгүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд: бараа бүтээгдэхүүний хайрцаг, саван дээрх нэр, шошго нь алдаатай, үндэслэлгүй эсвэл тодорхойгүй байх; битүүмжлэл буюу лац, ломбыг гар аргаар хийсэн нь илэрхий мэдэгдэх; орц, найрлага нь тодорхойгүй байх зэрэг орно.

Иймээс согтууруулах төрлийн бүтээгдэхүүн худалдан авахдаа сав баглааны гадаад байдал, хямд үнээс гадна хаяг, шошго, үйлдвэрлэсэн газар, он, сар, өдөр, лац зэргийг сайтар шалгахыг зөвлөж байна.