Зүүн бүсийн иргэд орон нутгийн татварын бодлогоор дэмжлэг хүсчээ

УИХ-ын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон зүүн бүсийн УИХ-ын гишүүд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаж, иргэдтэй уулзан хууль тогтоомж болон хэрэгжүүлж буй онцлох ажлуудаа танилцууллаа.
Н.Учрал “Чөлөөлье” хөдөлгөөнийг санаачилж, орон нутгийн залуучуудыг дэмжих, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдэв.
Зүүн бүсийн иргэд орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдийг татварын бодлогоор дэмжих, бага насны хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, уул уурхайтай холбоотой хууль бус үйлдлийг бууруулах, хууль хяналтын байгууллагын ил тод байдлыг сайжруулах, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцох асуудалд шударга ёсыг хэрэгжүүлэхийг шаардаж байгаагаа илэрхийллээ.
Сүхбаатар аймагт ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх, урлаг соёлын салбарын ажилтны цалинг бусад салбартай дүйцүүлэх, төсвийн хэмнэлтийн хүрээнд хийж буй цомхтголыг оновчтой хэрэгжүүлэх зэрэг асуудлыг иргэд онцолсон байна.
