Баянхошуу хот орон сууцжуулалтын төсөл 5000 нүхэн жорлонг устгана

2026-01-24 13:011min
20260124-130101-file.jpeg
Нийслэлийн гэр хорооллыг ухаалаг дэд бүтэц бүхий ногоон орон сууцжуулалтаар шинэчлэх "Улаанбаатар хотын ногоон орон сууц" төсөл Баянхошуу, Шархад дэд төвд үргэлжилж байна. Төслийн хэрэгжилтээр 5000 нүхэн жорлон устгагдах юм.

Нийслэлийн гэр хорооллыг байгаль орчинд ээлтэй, ухаалаг дэд бүтэц бүхий суурьшлын бүс болгон өөрчлөх “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн бүтээн байгуулалт Баянхошуу болон Шархад дэд төвд үргэлжилж байна.

Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд нийт 55 га талбайд 5000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна. Нэгдүгээр үе шатанд Баянхошууны 5.5 га талбайд 462 айлын орон сууц барих бөгөөд эхний ээлжийн 4 блок, нийт 110 айлын орон сууцны барилгыг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулжээ.

Хоёрдугаар ээлжийн 226 айлын 6 блок барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд B13-1 талбайн 150 айлын дөрвөн блок барилгын ажил 71-81 хувийн гүйцэтгэлтэй, B13-2 талбайн 76 айлын хоёр блок 58 хувийн явцтай байна.

Шархад дэд төвийн 5.4 га талбайд 338 айлын орон сууц, үйлчилгээний цогцолбор төлөвлөгөөний дагуу баригдаж байна. S27-5 талбайн 110 айлын дөрвөн блок барилга 99 хувийн гүйцэтгэлтэй, S27-2 талбайн 152 айлын дөрвөн блок 63-77.4 хувь, мөн 76 айлын хоёр блок 50 орчим хувийн явцтай байна.

Төслийн хүрээнд саарал усыг дахин ашиглах системийг нэвтрүүлж, ахуйн хэрэглээний усыг боловсруулан ариун цэврийн байгууламжид эргүүлэн ашиглах боломж бүрдүүлсэн нь усны нөөцийг хэмнэх шийдэл болж байна.

Мөн ухаалаг дэд бүтэц, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг хослуулснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж байна. Төсөл бүрэн хэрэгжиж, нийт 5000 айлын орон сууц ашиглалтад орсноор 8000 яндан, 5000 нүхэн жорлонг устгах бөгөөд энэ нь нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм.