Улаанбаатарын өвлийн наадам 2026 “Скай резорт”-т болно

2026-01-22 10:301min
20260122-103026-file.jpeg
“Улаанбаатарын өвлийн наадам 2026” нь 14 дэх жилдээ зохион байгуулагдаж, тусгай сонирхлын аялал жуулчлалыг дэмжих, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой. Наадамд олон улсын болон орон нутгийн 1000 гаруй баг тамирчин оролцоно.

“Улаанбаатарын өвлийн наадам 2026” нь 2026 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-ний хооронд “Скай резорт” цанын баазад зохион байгуулагдана.

Энэхүү наадам нь 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой юм.

Наадмын хүрээнд мөсөн сурын харвааны олон улсын аварга шалгаруулах тэмцээн, мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, Улаанбаатар хотын снөүбоард, уулын шүхэр, цасны регби, уулын цана, кёрлингийн аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгуулагдах юм.

Мөн мөсөн хананд авиралтын сонирхогчдын болон гэр бүлийн буухиа, олс таталт, аялал жуулалын салбарын оюутнуудын дунд “Гранд тур” тэмцээн болохоор төлөвлөгдсөн байна.

Наадамд оролцогчдод зориулан шүхэр, монгол банхар, шувуулахуйн үзүүлбэр, хоол унд, цана, чарганы үйлчилгээ, урлагийн тоглолт зохион байгуулагдах аж.

Энэ жил наадамд нийслэл болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казакстан, АНУ-аас монгол туургатны 50 гаруй тамирчин бүртгүүлжээ.