Малын индексжүүлсэн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2026-01-21 12:301min
20260121-123025-file.jpeg
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нөхөн төлбөрийн босго үзүүлэлтийг бууруулах, урьдчилсан нөхөн төлбөр олгох зохицуулалт орууллаа.

Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталлаа.

2020-2024 оны хугацаанд малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байгааг судалгаагаар тогтоосон.

Буурах шалтгаан нь малын хорогдлын босго үзүүлэлт өндөр байсантай холбоотой бөгөөд малчид малаа даатгуулсан ч нөхөн төлбөр авч чадахгүй байгаа юм.

Шинэ хуульд нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг 5 хувь, түүнээс нэмэх 1, хасах 1 болгон бууруулж, Монгол Улсын хэмжээнд 120 сумд 4 хувь, 155 сумд 5 хувиар тогтоосноор малчид даатгалын үр шимийг хүртэх боломжтой болсон.

Мөн даатгуулагч даатгалын үр шимийг цаг алдалгүй хүртэх, зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болох зохицуулалтыг хуульд тусгасан.

Урьдчилсан нөхөн төлбөрийг ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын урьдчилсан мэдээ болон статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хагас жилийн мал тооллогын дүнгээс өмнө гаргасан статистикийн мэдээлэлд үндэслэн олгоно.

Даатгагч гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгох зохицуулалтаар малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх юм.

Энэ зохицуулалт нь үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулахад чухал ач холбогдолтой.

Малын давхар даатгалын компани нь малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанаас гадна бусад төрлийн арилжааны даатгалын үйл ажиллагааг эрхэлдэг тул хуульд заасан “малын давхар даатгалын компани” гэснийг “давхар даатгалын компани” болгон өөрчилсөн.

Давхар даатгалын компани тухайн жилийн аудитын тайлан, дүгнэлтийг төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлнэ.

Батлуулах хугацааг өмнө нь дараа оны 03 дугаар сарын 01-ний өдөр байсныг 04 дүгээр сарын 01-ний өдөр болгож өөрчилсөн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.