Монголбанк орон тоогоо 126 хүнээр цомхотголоо

2026-01-21 13:001min
20260121-130058-file.jpeg
УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны орон тоог цомхотгож, чиг үүргийн давхардлыг арилгахыг үүрэг болгосны дагуу Монголбанк 126 хүнээр орон тоогоо бууруулж эхэллээ.

УИХ-ын дарга Н.Учрал өнгөрсөн даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт болон Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны орон тоо таван жилийн өмнө 400 байсан бол одоо нэмэгдэж, чиг үүргийн давхардал ихэссэн талаар онцлов. Тэрбээр мөнгө хэвлэх зэрэг хариуцлагагүй үйл ажиллагаа явуулснаас үүдэн иргэдэд ачаа үүрүүлж байгааг дурдсан юм.

Түүнчлэн хэмнэлтийн хуулийг бүх шатанд хэрэгжүүлэх шаардлагатай ч зарим байгууллага хэрэгжүүлдэггүйг онцлон, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтод хэмнэлтийн хуулийг чанд мөрдөж, шаардлагагүй орон тоог цомхотгон чиг үүргийн давхардлыг арилгахыг үүрэг болголоо.

Үүний дагуу Монголбанк орон тоогоо 126 хүнээр цомхотгож, ерөнхийлөгчийн тушаал өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.