Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулагдаж байна

Гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгааллын яам Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусгажээ. Ойрын хугацаанд яамнаас санал авч, Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Тус хуулийн төсөл нь 2020 онд УИХ-ын гишүүн Н.Учрал нарын гишүүдээс өргөн баригдаж байсан ч батлагдаагүй юм.
Монгол Улсад хувийн нэмэлт тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй ч зарим байгууллага хувийн тэтгэврийн сан үүсгэн ажилтнуудаа хамруулсан байна. Жишээлбэл, Голомт банкны дэргэдэх Тэтгэврийн ууган сан ТББ, Ард санхүүгийн нэгдлийн охин компани Ард лайф ХХК, Нэйшнл лайф урт хугацаат даатгалын компаниуд тэтгэврийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлжээ.
Энэхүү хуулийн төсөл нь иргэдэд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бүрдүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн харилцааг хуульчлах, тэтгэврийн сангийн эрх ашгийг хамгаалах зорилготой юм. Дэлхийн улс орнуудад цалингийн 2-4 хувийг хувийн нэмэлт тэтгэврийн санд хуримтлуулдаг жишиг байдаг бол Монгол Улс 2 хувийн хувилбарыг хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэд үндсэн Нийгмийн даатгалын сангаас гадна хувийн нэмэлт тэтгэврийн сангаасаа тэтгэвэр авах боломжтой болно. Мөн тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан авах эрхийг хуулиар олгох бөгөөд энэхүү систем нь сайн дурын үндсэн дээр хэрэгжинэ.
Хуулийн төсөлд:
– Хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр сайн дурын байх;
– Шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын тогтолцоо байх;
– Үйл ажиллагаа, засаглал ил тод байх;
– Санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай байх;
– Хөрөнгө өвлөгдөх боломжтой байх зэрэг шаардлагуудыг тусгасан.
Ажилтан, хувь хүн хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай нэмэлт тэтгэврийн гэрээ байгуулж, шимтгэл төлснөөр нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн гишүүн болно. Ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан ажилтны сард төлөх нийт шимтгэлийн 50-аас доошгүй хувийг ажил олгогч, үлдэх хэсгийг ажилтан төлнө.
Гишүүн дараах нөхцөлд нэмэлт тэтгэврийн хөрөнгөөс зарцуулах хүсэлт гаргах эрхтэй: Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчнөө гадаад улсад эмчлүүлэх, дээд боловсролын сургалтын төлбөрийг төлөх, орон сууцны зориулалтаар.
Хувийн тэтгэврийн сан нь Компанийн тухай хуулийн дагуу Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани байх бөгөөд хэд хэдэн хуулийн этгээд хувь нийлүүлэн үүсгэн байгуулж, нэг үүсгэн байгуулагчийн эзэмших хувь 20 хувиас ихгүй байна.
Мөн хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу хөрөнгө оруулалт хийнэ.
Нэмэлт тэтгэврийн хөтөлбөрөөс тэтгэвэр тогтоолгох эрхтэй гишүүн нэг удаа дараах төрлийн нэмэлт тэтгэврийн аль нэгийг эсхүл хослуулан сонгоно: нэг удаагийн тэтгэвэр, хуваарьт тэтгэвэр, насан туршийн тэтгэвэр.
