“Хангайн Бор” киноны зохиолыг Жон Фуско, Жиованни Фуско нар бичиж байна

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавъяат Зүтгэлтэн, Ах Урианхан овогт Бөхийн Бааст гуайн 1969 онд бичиж, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн “Хангайн Бор” туужаас сэдэвлэн бүтээх “Хангайн Бор” уран сайхны киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско болон түүний хүү Жиованни Фуско нар бичиж байна.
Энэхүү тууж нь хүн, амьтан, байгалийн хоорондын мөнхийн харилцааг нүүдэлчдийн гүн философи, ертөнцийг үзэх үзлээр дамжуулан өгүүлдэг.
Жон Фуско нь Netflix-ийн “Марко Поло” цувралын санаачлагч, ерөнхий продюсер, зохиолч бөгөөд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн “Spirit” хүүхэлдэйн кино, “Hidalgo”, “Young Gun”, Jet Li, Jackie Chan нарын тоглосон “Хориотой хаант улс”, Michelle Yeoh, Donnie Yen нарын тоглосон “Унтаж буй бар, гэтэж буй луу” зэрэг бүтээлүүдэд оролцсон юм.
“Хангайн Бор” киноны санаачлагч, продюсераар Монгол Улсын Соёлын Элч, жүжигчин, продюсер, мисс А.Баярцэцэг ажиллаж байгаа бөгөөд тэрбээр уг кино нь Монголын кино урлагийг дэлхийд шинэ өнгө төрхөөр таниулах, нүүдэлчдийн гүн ухаанд тулгуурласан, дэлхийн үзэгчдэд зориулагдсан орчин үеийн сонгодог бүтээл болох боломжтой гэдгийг онцолсон байна.
