Улаанбаатар хот 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлав

Улаанбаатар хот 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Бизнес инновацын газрын дарга Ж.Төгөлдөр инновацлаг төслүүдтэй танилцаж, санаачлагч ААН-үүдтэй санал солилцжээ.
Т.Даваадалай “2026 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаж, Хотын даргын захирамж гарсан. НЗДТГ-аас ажлын хэсэг байгуулан Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнес эрхлэгчидтэй салбар хоорондын уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэхээр төлөвлөж ажиллаж байна” гэж мэдэгдэв.
Өнөөдөр хоёр төсөл танилцуулагдсан бөгөөд иргэн М.Нямбаяр Улаанбаатар хотод өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг танилцуулжээ. Мөн “Онтайм авиэшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нурмаа агаарын тээврийн шинэ дэд бүтцийн төслөө танилцуулсан байна. Тэдгээр төслүүдэд онцгой анхаарал хандуулахыг мэдэгдэв.
“Өвлийн цэцэрлэгт хүрээлэн” төслийн санаачлагч М.Нямбаяр энэ байгууламжийг хотын иргэдийн эрүүл мэнд, нийгмийн харилцааг дэмжих зорилготой, жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах амралт, соёл, спорт, үйлчилгээ хосолсон цогц байгууламж гэж тодорхойлсон байна.
Тэрбээр орчин үеийн шилэн бүтэц, дулаан хадгалалттай, жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байх 5-6 блок байгууламж барихаар төлөвлөж байгаа бөгөөд жилд 180-240 мянган иргэнийг хүлээн авах хүчин чадалтай байхыг зорьж байгааг хэлжээ.
“Улаанбаатар хотын агаарын хөдөлгөөн” төслийн талаар “Онтайм авиэшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нурмаа Улаанбаатар хотод хэрэгжиж буй дэд бүтцийн томоохон төслүүдэд нэмэлтээр агаарын зорчих хөдөлгөөнийг дэмжих шаардлага байгааг онцолсон байна.
Тэрбээр агаарын дэд бүтцийг хөгжүүлснээр эрүүл мэнд, яаралтай тусламж, онцгой байдал, гал түймэртэй тэмцэх, цагдаа, хууль сахиулах, аялал жуулчлал зэрэг олон салбарт ач холбогдолтой систем бий болохыг дурдсан байна.
