Орон сууцны дундын өмчлөлийн менежментийн эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төсөл танилцуулав

2026-01-16 21:011min
20260116-210100-file.jpeg
Монгол Улс орон сууцны ашиглалт, менежментийн эрх зүйн орчныг шинэчлэх зорилгоор дундын өмчлөлийн менежментийн тухай хуулийн төслийг танилцуулж, орчны болон дэвсгэр газрын өмчлөл, менежментийг сайжруулах зохицуулалтыг санал болгож байна.

Монгол Улс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах болон үл хөдлөх хөрөнгө шударгаар өмчлөх эрхийг хангах зорилгоор Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” болон Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орон сууцны ашиглалт, менежментийн эрх зүйн орчныг шинэчлэх зорилтуудыг тусгасан байна.

Энэхүү зорилтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт оролцсон Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ 2003 онд батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хууль нь чухал ач холбогдолтойг онцлов.

Гэвч одоогийн хуульд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны болон дэвсгэр газрын өмчлөл, ашиглалтын талаар сууц өмчлөгчдөд тодорхой эрх олгоогүй, эдгээр газрыг Сууц өмчлөгчдийн холбоо газар ашиглах эрхийн хүрээнд ашиглаж ирсэн нь иргэдийн гомдол, маргаан нэмэгдэх, өмчлөх эрх бүрэн хэрэгжихгүй байх нөхцөл үүсгэсэн гэж дэд сайд тэмдэглэлээ.

Мөн дундын өмчийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт, менежмент сул, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, бүртгэл, хяналт, ил тод байдал хангалтгүй байгаагаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх бүрэн хангагдахгүй байгааг хэлэлцүүлэгт дурдав.

Шинэ хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслөөр дараах үндсэн зохицуулалтыг хийхээр төлөвлөжээ.

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны болон дэвсгэр газрыг Сууц өмчлөгчдийн холбоо бус, тухайн байшингийн сууц өмчлөгчдийн дундын өмч буюу хамтран хязгаартайгаар эзэмших эрхтэй байхаар тогтоож, уг эрхийг орон сууцны өмчлөх эрхийн салшгүй хэсэг болгон баталгаажуулах.

Дундын өмчийн эд хөрөнгийн менежментийг сайжруулахын тулд Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэл, хяналт, ил тод байдал, хамтын ажиллагаа, эрх үүргийг тодорхой болгож, дундын өмчийн арчлалт, хамгаалалтыг мэргэжлийн менежментийн компаниар гүйцэтгүүлэх замаар орон сууцны орчны газрыг тогтмол арчлан хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхээр зохицуулжээ.

Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нээлттэй нийгэм форум зэрэг 20 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөл оролцож, мэдээлэл авч, санал солилцсон байна.