Үндэсний өвлийн спортын наадмын тов батлагдав

2026-01-17 10:301min
20260117-103022-file.jpeg
Үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилготой Үндэсний өвлийн спортын наадам нэгдүгээр сарын 22-25-нд болно. Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 600 орчим тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ.

Үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залуу үед өвлүүлэх зорилготой Үндэсний өвлийн спортын наадмын тов батлагдлаа.

Монголын үндэсний спортын наадмын өвлийн төрөл болох мөсөн шагай, мөсөн сур харвааны шигшээ тэмцээн нэгдүгээр сарын 22-25-нд Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай болон Цонжин болдог дахь “Уухайн дуу” амралтын баазад зохион байгуулагдана.

2022 оны наадамд 21 аймаг, есөн дүүргийн 426 тамирчин оролцсон бол энэ жил 21 аймаг, есөн дүүргээс 600 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Мэдүүлэг авах хугацаа 2026 оны нэгдүгээр сарын 16-ны 22:00 цагт дуусна.

Монголын үндэсний спортын наадмыг дөрвөн жил тутам зохион байгуулдаг бөгөөд анх 1998 онд Биеийн тамир, спортын үндэсний төвийн дарга асан Х.Баянмөнхийн санаачилгаар эхэлсэн бөгөөд энэ жил найм дахь удаагаа болно.

Сүүлийн наадмын үеэр Ц.Мөнхбаатарт улсын мэргэн, Б.Цогбадрахад хошой мэргэн цол олгож, дархан мэргэн Д.Ууганбаярт үлэмж чимэг хүртээсэн байна.

Энэхүү наадам нь үндэсний спортын дэг ёс, заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.