Замын-Үүд дэх Гаалийн газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-01-12 18:121min
20260112-181239-file.jpeg
Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өгч, хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална гэдгээ мэдэгдлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд суманд ажиллах үеэрээ авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлэх үйл явцтай танилцсан байна. Энэ үеэр Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өгсөн бөгөөд өнөөдөр Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран уг чиглэлийг хэрэгжүүлж, О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Мөн Ерөнхий сайд хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримталж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Замын-Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентгэн дээр тавхан хүн ээлжилж ажиллах нь хангалтгүй тул дор хаяж 15-20 хүн бэлтгэж, сэлгэж ажиллуулах шаардлагатайг онцолсон байна.

Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг бөгөөд суурьшил нэмэгдэж, барилгажилт эрчимтэй өрнөж байгаа тул худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгаа талаар Ерөнхий сайд онцгойлон анхаарч, шийдвэрлэхээ мэдэгдэв.