Монгол тамирчин О.Сайханжаргал мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээнд мөнгөн медаль хүртэв

2026-01-12 16:121min
20260112-161231-file.jpeg
Солонгосын Чонсон хотод болсон 2026 оны мөсөнд авиралтын дэлхийн цомын эхний тэмцээнд Монголын тамирчин О.Сайханжаргал хурдны төрөлд мөнгөн медаль хүртлээ. Найман тамирчин оролцсон уг тэмцээнд Монголын баг анхны медалиа авсан юм.

Олон улсын уулчдын холбооны 2026 оны мөсөнд авиралтын дэлхийн цомын цувралын шинэ улирлын эхний тэмцээн Солонгосын Чонсон хотод зохион байгуулагдлаа. Тэмцээнд 18 орны 120 гаруй тамирчин оролцсон бөгөөд Монгол Улсаас найман тамирчин оролцсон байна.

Монголын багийг олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ, Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр болон спортын мастер А.Зоригтбаатар, Д.Отгонхүү, Э.Дөлгөөн, Ж.Амина нар төлөөлжээ. Хурдны төрөлд олон улсын хэмжээний мастер О.Сайханжаргал 19.90 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртэж, Монголын багийн анхны медалийг авчирсан юм.

Тус төрөлд Д.Отгонхүү VI, Н.Хэрлэн XV, А.Зоригтбаатар XVII, Э.Дөлгөөн XXXII байрт шалгарсан бол эмэгтэйчүүдээс Н.Сэлэнгэ IV, Ж.Амина XI байрт орсон байна. Харин Ч.Мандахбаяр техникийн алдааны улмаас тэмцээнээс хасагджээ.

Техникийн төрөлд эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ, эрэгтэйчүүдээс Ч.Мандахбаяр тус бүр 36 дугаар байрыг эзэлсэн байна. Ингэснээр Монголын тамирчдын дэлхийн цомын улирлын эхний гараа өндөрлөв.

Мөн 2025-2026 оны UIAA мөсөнд авиралтын улиралд “Фиксе” брэнд албан ёсны техникийн түншээр оролцож байгаа бөгөөд дэлхийн цомын тэмцээн бүрийн техникийн ажилтнууд болон багууд тус брэндийн олс, карабин, хударга, бэхэлгээ, дуулга ашиглах юм. “Фиксе” брэнд нь бүх ангиллын тэмцээний шаардлагыг хангадаг байна.