Сэргээгдэх эрчим хүчний зөвшөөрлийг цуцалж, айл өрхүүдийг дарамтаас чөлөөлөв

2026-01-08 17:011min
20260108-170133-file.jpeg
"ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгын хүрээнд 20 кВт-оос доош хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүч ашигладаг айл өрхүүдийг зөвшөөрлийн дарамтаас чөлөөлж, холболтыг түргэн шуурхай хийх боломжийг бүрдүүллээ.

Н.Учрал “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд алтан нарны илчийг ашиглахтай холбоотой 15 зөвшөөрлийг цуцалсан талаар мэдээлэв. 20 кВт-оос доош хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүч ашигладаг айл өрхүүдийг бүхэлд нь зөвшөөрлийн дарамтаас чөлөөлжээ. Иргэд тусгай зөвшөөрөлтэй холболтын компаниа өөрсдөө сонгон, 11 хоногийн дотор холболтоо хийлгэх боломжтой болсон байна. Түгээх компанийн инженерүүд очиж шууд холболтыг гүйцэтгэнэ. Айл өрхүүд үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн системд нийлүүлж, төлбөрөө улирал тутам бодож шилжүүлэн авдаг журамтай. Ингэснээр айл бүр нарны хавтангаараа эрчим хүч үйлдвэрлэн, улсад нийлүүлж орлого олох бүрэн боломжтой болжээ. Н.Учрал хэлэхдээ, алтан нарны илчийг ашиглахад журам, зөвшөөрлөөр хязгаарлалт тавьж, хүнд суртал үүсгэх шаардлагагүй гэж үзэж байна.