Нийслэл 2026 онд Евро-5 стандартын шатахуунд бүрэн шилжинэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөцтэй холбоотой мэдээлэл хийлээ. Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сард захиалсан шатахууны 50 хувь нь энгийн АИ-92, 50 хувь нь Евро-5 стандартын автобензин байжээ. Эдгээр хоёр бүтээгдэхүүний ялгаа эхний удаа мэдэгдэхгүй ч Евро-5 стандартын шатахуун нь илүү хөнгөн, шатамтгай бөгөөд автомашинаас хамааран энгийн АИ-92-оос 5-10 хувиар илүү зарцуулагддаг байна. Хэдийгээр энгийн шатахуун илүү ашигтай мэт харагддаг ч эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, техник тоног төхөөрөмжийн хувьд Евро-5 стандарт руу аажмаар шилжих шаардлагатай гэж тэрбээр онцлов.
Нийслэл хот 2026 онд Евро-5 стандартын автобензин рүү бүрэн шилжих захирамж гаргасан бөгөөд үүнийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсад шатахуун нийлүүлдэг Ангарскийн үйлдвэр анх 2025 онд Евро-5 стандартад 100 хувь шилжихээр төлөвлөж байсан ч нөхцөл байдлаас шалтгаалан хугацааг хойшлуулжээ. Гэсэн хэдий ч үйлдвэр 100 хувь шилжсэнээр шатахууны нийлүүлэлт дагаад шилжих болно. Үнийн хувьд Евро-5 болон энгийн шатахууны хооронд 400-500 төгрөгийн зөрүүтэй байгаа бөгөөд онцгой албан татвараар үнийн зөрүүг багасгах боломж байгааг Ч.Хишигдалай дурдав.
