АНУ-ын Ерөнхийлөгч Трампын Гренландыг эзэмших хүсэл НАТО-гийн эсэргүүцэлтэй тулгарчээ

2026-01-08 11:001min
20260108-110049-file.jpeg
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг эзэмших сонирхлоо илэрхийлсэн ч НАТО-гийн гишүүн орнууд Дани улсын автономит бүсийг хамгаалах шаардлагатай гэж үзэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг эзэмших сонирхлоо удаан хугацаанд илэрхийлсээр ирсэн бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр “Үндэсний аюулгүй байдлын үүднээс Гренланд бидэнд хэрэгтэй” гэж мэдэгдэв. Үүний дараа НАТО-гийн гишүүн 7 орны удирдагчид 01 дүгээр сарын 06-нд хамтарсан мэдэгдэл гаргаж, Дани улсын автономит бүс нутаг болох Гренландыг нэгтгэх АНУ-ын хүсэл эрмэлзлийг эсэргүүцсэн байна.

Дани, Франц, Герман, Итали, Польш, Испани, Их Британийн удирдагчдын хамтарсан мэдэгдэлд “Гренландыг оролцуулан Данийн Вант Улс нь НАТО-ийн нэг хэсэг юм. Тиймээс Арктикийн аюулгүй байдлыг АНУ зэрэг НАТО-ийн холбоотнууд хамтран НҮБ-ын дүрмийн зарчмуудыг баримталж, түүний дотор тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй байдлыг хангах ёстой” гэж онцолжээ. Мөн “Гренланд бол ард түмнийх нь өмч” бөгөөд “Дани, Гренландын асуудлыг шийдэх эрх зөвхөн Дани, Гренландад байх ёстой” гэж тэмдэглэсэн байна.

АНУ 01 дүгээр сарын 03-ны өдөр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог цэргийн хүч ашиглан баривчлах, бусад орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох заналхийлэлтэй холбоотойгоор шинэ дэлхийн дэг журмыг бий болгож байгаад НАТО-гийн гишүүд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен Даваа гарагт өгсөн ярилцлагадаа Трампын Гренландыг нэгтгэх санааг НАТО нухацтай авч үзэх ёстойг онцлон, үгүй бол эвслийн оршин тогтнох асуудал эрсдэлд орно гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “АНУ НАТО-гийн гишүүн өөр нэг улс руу довтлохоор шийдсэн бол бүх зүйл дуусна” гэж хэлжээ.

Трамп 2017 оноос хойш 2025 он хүртэл Гренланд болон Дани улсад дарамт шахалт үзүүлж, 2025 оны 03 дугаар сард АНУ-ын өндөр түвшний төлөөлөгчид тус аралд айлчилж, эзэмших хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн байна. Мөн 2025 оны 08 дугаар сард Данийн хэвлэл мэдээлэл Вашингтонтой холбоотой хүмүүс Данитай харилцаагаа сулруулах зорилгоор Гренландын нийгэмлэгт нэвтрэх оролдлого хийж байгааг мэдээлсэн бөгөөд 12 дугаар сард Трамп “MAGA” хөдөлгөөний дэмжигч Луизиана мужийн захирагч Жефф Ландриг Гренландын тусгай элчээр томилсон юм.

АНУ болон Дани улсын хооронд 1951 онд байгуулсан гэрээний дагуу АНУ тус нутаг дэвсгэрт нэвтрэх өргөн боломжтой бөгөөд арал дээр АНУ-ын цэргийн бааз байрладаг. Гэсэн хэдий ч Трампын засаг захиргаа зорилгодоо хүрэхийн тулд цэргийн хүч эсвэл эдийн засгийн албадлага ашиглахыг үгүйсгээгүй байна.

Гренланд нь Дани улсын бүрэлдэхүүнд багтдаг автономит бүс бөгөөд иргэншил, мөнгөний бодлого, аюулгүй байдал, гадаад харилцааны асуудлыг Данийн Засгийн газар хэрэгжүүлдэг. Гренландын иргэд нь Дани болон Европын Холбооны иргэд бөгөөд тус нутаг Европын Холбооны гадаад дахь нутаг дэвсгэр, Европын Зөвлөлийн нэг хэсэг юм.

Гренландын ихэнх оршин суугчид Инуит үндэстэн бөгөөд 2022 оны тооллогоор 56,583 хүн амтай, хүн амын ихэнх нь баруун өмнөд эрэгт төвлөрөн суурьшдаг. Арлын бусад хэсэгт хүн ам сийрэг суурьшдаг бөгөөд цаг уур, газарзүйн хүчин зүйлсийн нөлөөнд өртдөг.

Дэлхийн дулаарлын улмаас Арктикийн усан зам нээгдэж, байгалийн баялгийн төлөө олон улсын өрсөлдөөн эрчимжиж буй энэ үед Гренланд нь ашигт малтмалын их нөөцтэй, стратегийн байрлалтай тул Данийн Вант Улс, НАТО, Европын Холбооны хувьд чухал ач холбогдолтой юм.