Нийслэлийн иргэд 2025 онд 30 мянга гаруй гомдол гаргажээ

2025 онд нийслэлийн иргэдээс нийт 64 мянга гаруй өргөдөл, гомдол ирүүлжээ. Үүнээс 30,303 нь гомдол, 34,000 нь санал хүсэлт байв. Иргэдийн гаргасан өргөдөл, гомдлын 68.8 хувийг буюу 43,454-ийг шийдвэрлэж, үлдсэн 31.2 хувийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хариу өгсөн байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлснээр, иргэдийн өргөдөл, гомдолд 30 хоногийн дотор хариу өгөх хууль эрх зүйн зохицуулалттай бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг сунган шийдвэрлэдэг аж.
2025 оны нэгдүгээр сарын 6-нд иргэдтэй уулзалт зохион байгуулж, 200 гаруй гомдол, санал хүсэлтийг цаасаар баталгаажуулан хүлээн авсан бөгөөд заримыг нь танилцуулсан байна. Иргэдийн гаргасан санал хүсэлтэд газрын дахин төлөвлөлт, үерийн байгууламж, орон сууцны чанар, нийслэлийн хөгжлийн асуудлууд голлон оржээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны оршин суугчид “Сансарын туннель” орчимд шөнийн цэнгээний газар, ил задгай үйлчилгээний улмаас амар тайван байдал алдагдаж, гэмт хэрэг, зөрчил ихэссэн талаар гомдол гаргажээ. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хяналт шалгалт хийхээр болсон байна.
Хан-Уул дүүргийн 80 настай иргэн агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах хүсэлт гаргасан бөгөөд энэ чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн үерийн хоолойнуудыг суурилуулахдаа тооцоолол хийгдээгүй, үерийн байгууламж шаардлагатай гэсэн гомдол гаргасан байна. Улаанбаатар хотод борооны ус тогтдог 16 цэг байсныг өнгөрсөн зун үерийн ус зайлуулах шугам угсарч шийдвэрлэсэн.
Баянзүрх дүүргийн Улиастайн гол болон бусад хэсэгт үерийн болон хөрсний ус зайлуулах байгууламж барих ТЭЗҮ боловсруулж байгаа бөгөөд энэ онд Дэлхийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр байгууламжуудыг барихаар төлөвлөжээ.
Мөн БНХАУ-ын ЭКСИМ банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын хөрсний усыг үерийн байгууламжид нийлүүлэх төсөл 2027 онд эхлэх юм.
