Ерөнхий сайд Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангах чиглэлээр “Рио Тинто” группт хандана

2026-01-08 09:301min
20260108-093028-file.jpeg
УИХ-ын Түр хороо Оюутолгойн ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах талаар дүгнэлт гаргаж, Засгийн газар “Рио Тинто” групптэй хэлэлцээр хийхээр болсон байна.

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах, өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан.

Тус түр хороо 2025 оны арван хоёрдугаар сарын 08-12-нд нээлттэй сонсгол зохион байгуулж, баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр Засгийн газарт чиглэл өгсөн УИХ-ын тогтоолыг баталсан юм.

Түр хорооны дүгнэлтээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцээгүй, ногдол ашиг авах хугацаа хойшилсон, зардал хэтэрсэн, өгөөж буурсан, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоо хангалтгүй, ил тод бус байна гэж үзжээ.

УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, “Оюутолгой” ХХК болон хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн удирдлагуудад хандахаар шийдвэр гаргасан байна.

Мөн Засгийн газраас томилсон Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээрийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилжээ.