Нийслэлд 2026 онд 4729 га талбайд газар чөлөөлөх төлөвлөгөө батлагдлаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан юм.
2026 онд нийт 408 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах юм. Газар чөлөөлөлт нь дэд төвүүд, авто зам, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн ажлуудыг хамарна.
Дэд төвүүдийн газар чөлөөлөлтийн талаар:
– Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянхошуу дэд төвд 165 га талбайд 2164 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөжээ.
– Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаа дэд төвд 59 га талбайд 810 нэгж талбарт газар чөлөөлнө.
– Баянзүрх дүүргийн 10, 17, 19, 24, 34 дүгээр хороодод байрлах Шархад дэд төвд 536 га талбайд 5910 нэгж талбарт газар чөлөөлөх юм.
Сэлбэ хот төсөлд 158 га талбайд нөлөөлөлд өртсөн нийт 2206 нэгж талбараас 2091 нэгж талбарыг 2024-2025 онд нөхөх олговортойгоор чөлөөлсөн байна.
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Ханын материал орчмыг орон сууцжуулах ажлын хүрээнд 213 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн бөгөөд нийт 12.6 га талбайд газар чөлөөлөлт хийгдэж байна.
Мөн СХД-ийн 4 дүгээр хороо Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 202 нэгж талбарыг чөлөөлөхөөс 165 нэгж талбар чөлөөлөгдсөн бөгөөд нийт 10.3 га талбайд газар чөлөөлөлт хийгдэж байна.
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд Сэлбэ дэд төв гэр хорооллыг дахин барилгажуулах төслийн хүрээнд 358 нэгж талбарт газар чөлөөлөх төлөвлөгөөтэй байна.
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Баянбүрд орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд ногоон байгууламж, авто зогсоол барихад зориулан 7.1 га талбайд 110 нэгж талбарыг чөлөөлөх бөгөөд өнөөдрийн байдлаар 5.6 га талбайд 85 нэгж талбар чөлөөлөгдсөнөөс 65 нэгж талбарын газар чөлөөлсөн байна.
Авто замын ажлууд:
– Баянзүрх дүүргийн 12, 37 дугаар хороо Нарны замын зүүн өргөтгөл 4 км авто зам барина.
– Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог зам, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Яармагийн шинэ зам Хөшигийн хөндийн хурдны замтай холбох авто замыг барих юм.
– Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт Геологийн төв лаборатори орчим авто зам, нүхэн гарц барина.
– Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын газар чөлөөлөлтийг хэрэгжүүлнэ.
Нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн хүрээнд:
– Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина.
– Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд гал унтраах анги барих юм.
– Баянгол дүүргийн 16 дугаар хороонд Гандангийн жишиг гудамжийн тохижилт, бүтээн байгуулалтын ажилд зориулан газар чөлөөлөхөөр төлөвлөжээ.
