Монгол Улсад 2025 онд олгосон визийн 96.9 хувь нь зөвшөөрөгдсөн байна

2026-01-05 21:011min
20260105-210124-file.jpeg
2025 онд Монгол Улсад нийт 128,949 визийн хүсэлт хүлээн авч, 96.9 хувь нь зөвшөөрөгдсөн байна. Жуулчлалын цахим визийн олголт олон улсын дундажаас өндөр үзүүлэлттэй байна.

2025 онд Гадаадын иргэн, харьяатын газар нийт 128,949 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авчээ. Үүнээс 96.9 хувь буюу 124,945 гадаадын иргэнд виз олгосон бол 3.1 хувь буюу 4,004 иргэнд виз олгохоос татгалзсан байна.

Олгосон визийн ихэнх нь аялал жуулчлалын зорилготой бөгөөд цахим визийн evisa.mn системээр 75 улсын 85,690 иргэнд цахим виз олгосон байна. Харин 3,913 иргэнд виз олгохоос татгалзсан бөгөөд жуулчлалын цахим визийн олголтын хувь 95.7 хувьтай байна.

Виз олгохоос татгалзсан хүсэлтийн ихэнх нь өмнө нь виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хугацаа дуусаагүй эсвэл бичиг баримтын бүрдэл дутуу зэрэг шалтгаантай байна.

Олон улсын жишигтэй харьцуулахад, Европын Комиссийн Шенгений визийн албан статистикаар богино хугацааны аяллын визийн олголт дунджаар 85 хувь, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын цагаачлалын бус (B-1/B-2) визийн олголт 70–75 хувь, Их Британийн түр ирэгчийн визийн олголт 80 хувьтай байна. Монгол Улсын жуулчлалын цахим визийн олголт 95.7 хувьтай байгаа нь олон улсын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

Монгол Улс гадаадын иргэдэд зорчих зорилгоос хамааран дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэгч гэсэн 9 бүлэг, 64 ангиллын виз олгодог. Үүнээс Гадаадын иргэн, харьяатын газар 58 ангиллын виз, Гадаад харилцааны яам 6 ангиллын визийг тус тус олгож байна.