Ерөнхий сайд Г.Занданшатар эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгав

2026-01-05 17:011min
20260105-170153-file.jpeg
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны эдийн засгийн бодлого, зорилтыг танилцуулж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо. Цахим хурал энэ сарын 15-нд нэгдсэн зөвлөлгөөнөөр үргэлжилнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт мэдээлэл өгөх цахим хуралд тус аймгаас оролцлоо. Уг хуралд 21 аймаг, нийслэл, 300 гаруй сум, дүүргийн удирдлагууд оролцож байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү арга хэмжээний өмнө Засгийн газраас 2026 онд баримталж ажиллах эдийн засаг, нийгмийн бодлого, салбарын чиглэлүүдийг аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагуудад нэгдсэн байдлаар хүргэх цахим уулзалтыг зохион байгуулж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Раднаасэд онцоллоо. Тэрбээр өмнө нь мэдээлэл солилцох нь хязгаарлагдмал байсан бол энэ удаад бүх шатны удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга, ажилтнуудад мэдээллийг нэгэн зэрэг хүргэж байгааг тодотгосон байна. Мөн төрийн бодлого, үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, ил тод, нээлттэй хүргэх шаардлагатайг анхаарууллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2025 онд гаргасан амжилт, 2026 онд Засгийн газраас баримталж ажиллах бодлого, зорилт, тэргүүлэх чиглэлүүдийн талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний талаар танилцуулж, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй хүргэх, орлого, амьжиргааг хамгаалах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн оролцоог оновчлох, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо.

Цахим хурал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд 2026 оны нэгдүгээр сарын 5-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ашигт малтмал, эрчим хүчний яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зэрэг салбарын бодлого, чиглэлээ танилцуулж, мэдээлэл өгөх юм. Цахим хурлын дараа буюу энэ сарын 15-нд нэгдсэн зөвлөлгөөн зохион байгуулж, Ерөнхий сайд тодорхой үүрэг, чиглэл өгөх төлөвтэй байна.