АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмжийг ААН-үүдэд хүргүүлнэ

Засгийн газраас байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж, шатахууны үнэ, тэр дундаа АИ-92 төрлийн К2 автобензиний үнийн асуудлыг хэлэлцэв.
Хуралдааны үеэр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож, үнийн тогтвортой байдлыг хангах бодит нөхцөл, шийдлийн талаар санал солилцов. Зөвлөлийн дарга Б.Дашпүрэв үнийн өсөлт нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөхийг онцлон, шатахуун импортлогч, түгээгч аж ахуйн нэгжүүдийг ашгаа бус иргэдийн эрх ашгийг тэргүүнд тавихыг уриаллаа.
Мөн үнийн өсөлттэй холбоотой асуудлыг аудитын дүгнэлт, тооцоо судалгаанд тулгуурласан баримттай саналаар албан ёсоор танилцуулах шаардлагатайг тэмдэглэв. Монгол Улс ОХУ-аас шатахууныг тогтвортой үнээр нийлүүлэх гэрээг 2026 оныг дуустал байгуулсан бөгөөд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурах хандлагатай байгааг дурдав.
Энэ нөхцөлд гаалийн татвар тавигдсан ч үнэ тогтвортой байх боломжтойг онцлон тэмдэглэж, Евразийн эдийн засгийн хэлэлцээрийн хүрээнд татвар бууруулах асуудлыг холбогдох яамд хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.
Хуралдаанаар дараах зөвлөмжийг гаргалаа:
• АИ-92 төрлийн К2 автобензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмжийг бүх шатахуун импортлогч, түгээгч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх;
• АИ-92 автобензинийг ОХУ-аас тогтмол захиалж, хангамжийг тасалдуулахгүй байх;
• Газрын тосны бүтээгдэхүүний нөөц, хангамжийн нэгдсэн цахим систем бий болгох, урсгал зардлыг бууруулах, хэмжээг аудитаар баталгаажуулахад талууд хамтран ажиллах;
• Бусад төрлийн шатахууны хувьд олон улсын зах зээлийн үнэд суурилсан уян хатан үнийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.
