УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн үйлдлээр яллагдагчаар татагджээ

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан байна. Түүнтэй хамт яллагдагчаар татагдсан УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа нь ТЕГ-ын гаргасан тогтоолтой санал нийлэхгүй байгаа аж.
Тэднийг Үндсэн хууль зөрчин, төрийн эрхийг хууль бусаар авсан хэрэгт буруутган, Улсын ерөнхий прокуророос яллагдагчаар татсан бөгөөд Тагнуулын ерөнхий газар мөрдөн шалгаж байна.
2025 оны аравдугаар сарын 16-17-нд УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа Засгийн газрыг огцруулах чуулганы хуралдааныг даргалсан юм. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаас энэ үйлдлийг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томъёоллоор санал хураасан нь хууль зөрчсөн болохыг тогтоосон байна.
Х.Булгантуяагийн энэ үйлдлийг хуульчид анхааруулсан ч тэрбээр үл тоосон гэж тэмдэглэжээ. Үндсэн хуулийн Цэцийн хурлын үеэр тэрбээр үймээн дэгдээж, хуралдааныг орхин гарсан байна.
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр УИХ-ын 95-р тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бөгөөд чуулганы хуралдааны ирцийг буруу тооцсон нь хууль зөрчсөн гэж тогтоогдсон байна. Энэ нь төрийн эргэлт хийсэн үйлдэл гэж үнэлэгдэж байна.
Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор хүч хэрэглэн саад учруулбал 12-20 жил хүртэл хорих ял шийтгэх заалттай.
Х.Булгантуяа Засгийн газрыг хууль бусаар огцруулсныг мэдэж байсан бөгөөд хуульч мэргэжилтэй, хууль тогтоох байгууллагад хоёр удаа сонгогдсон хүн юм. Тэрбээр Г.Занданшатараас уучлал гуйж, “Уучлаарай, ийм муухай саналаар хуралдаан даргалчихлаа” гэж хэлсэн байна.
Гэвч УИХ-ын индэр ашиглан шөнөжин үйл ажиллагаа явуулсан нь парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанд үймээн дэгдээж, Цэцийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан байна.
Одоогоор Х.Булгантуяа яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцахгүй, тагнуул, прокурорын байгууллагад хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа аж.
Тэрбээр УИХ-ын чуулганд ирэхгүй байгаа бөгөөд намынхаа болон эмэгтэйчүүдийн байгууллагын хуралд оролцож байгаа тухай мэдээлэл байна.
Жирийн иргэнийг хууль дуудсан үед ирдэггүй бол ял нь хүндэрдэг бол хууль тогтоогчид болох С.Ганбаатар, Х.Булгантуяа, Э.Болормаа нар хууль шүүхийг үл тоож байгаа нь анхаарал татаж байна.
УИХ-ын дарга Н.Учрал хууль тогтоох байгууллагаас хулгайчид төрж байна гэж хэлсэн бөгөөд хууль тогтоох байгууллагаа цэвэрлэх шаардлагатайг онцолжээ.
Эх сурвалж: mono.mn
