Пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулахыг хориглолоо

2025-12-28 13:001min
20251228-130041-file.jpeg
Салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр худалдан авах, ашиглахыг хориглож, аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг өгч байна.

Салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, мэргэжлийн бус хүн ашигласнаас болж бэртэж гэмтэх тохиолдол их гардаг. Тухайлбал, 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлтэй холбоотой 11 хүн бие эрхтэнээ гэмтээсэн байна.

Пиротехникийн хэрэгслийг худалдан, борлуулахыг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол болон нийслэлийн Засаг даргын 662 дугаар захирамжаар хориглосон байдаг.

Иргэд зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар, санамжийг мөрдөх шаардлагатай.

Мөн сүлд модыг 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байхыг анхааруулж байна.

Цацарч дууссаны дараа пиротехникийн үлдэгдлийг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидыг орон байр болон сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.