“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн гадаадын иргэдэд хяналт шалгалт явууллаа

2025-12-19 13:011min
20251219-130102-file.jpeg
Гадаадын иргэн, харьяатын газраас "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн гадаадын иргэдэд хууль зөрчсөн хөдөлмөр эрхлэлтийн талаар хяналт шалгалт хийж, ноцтой зөрчлүүд илэрсэн тул холбогдох арга хэмжээ авсан байна.

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор тогтмол хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулдаг.

Энэ хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн ажил гүйцэтгэж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт явуулахад, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 31, 155 дугаар тогтоолоор 372 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн боловч төслийн талбайд гадаадын иргэдийг зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлсэн, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг нууж зугтаалгасан, мөн оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг тогтоолын заасан хаяг, байршлаас өөр газар шилжүүлэн ажиллуулсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн.

Гадаадын иргэн, харьяатын газраас илэрсэн зөрчлүүдийг арилгах чиглэлээр албан шаардлага хүргүүлж, төслийн удирдлагатай биечлэн уулзаж холбогдох хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгсөн боловч зөрчил дахин давтагдсан байна.

Байгууллагын хууль ёсны шийдвэрт хууль бусаар нөлөөлөх оролдлого удаа дараа гаргасны улмаас төслийн удирдагч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Yang Yao-н Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Мөн тэрээр визийн шаардлагаас чөлөөлөгдсөн нөхцөлийн дагуу албан зориулалтын паспортоор дахин хил нэвтэрч, зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон тул холбогдох хууль тогтоомжийн дагуу 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасан.