Монгол Улс Европын сэргээн босголт, хөгжлийн банктай зүрх судасны үндэсний төв байгуулах хэлэлцээр байгууллаа

2025-12-19 11:301min
20251219-113030-file.jpeg
Монгол Улс Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зээл авч, 2025-2029 онд 120 ортой зүрх судасны үндэсний төв байгуулахаар төлөвлөж байна. Төсөл нь мэс засал, оношилгооны өрөөний тоог нэмэгдүүлэх юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.

Энэхүү төсөл нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжаар 2025-2029 онд хэрэгжихээр Засгийн газраас шийдвэрлэгдсэн байна.

Төслийн хүрээнд 120 ортой эмнэлэг барих бөгөөд энэ нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт байгуулагдах юм.

Шинээр баригдах эмнэлэг нь мэс засал, үзлэг, оношилгооны өрөөний тоог 2-3 дахин нэмэгдүүлэхээс гадна бие даасан яаралтай тусламж, ахисан түвшний дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээний хэсгүүдтэй байх юм.

Мөн лаборатори, дүрс оношилгооны хэсэг, хоол, ариутгал зэрэг үйлчилгээг давхардуулан байгуулах шаардлагагүйгээр эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.