Шадар сайд С.Амарсайхан шинэ даргад ажлаа хүлээлгэн өглөө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус албанд шинээр томилогдсон Х.Ганхуягт албан ёсоор ажлаа хүлээлгэн өглөө. С.Амарсайханыг 2021 оноос хойш Шадар сайдаар ажиллаж байна.
Тэрбээр Онцгой байдлын ерөнхий газар, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хүрээлэн, Стандарт, хэмжил зүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Үндэсний итгэмжлэлийн төв, Шинэ хоршоо хөдөлгөөн, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Уур амьсгалын Үндэсний хороо, “Алтанбулаг” “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүд, Монгол Улс – ОХУ, Монгол Улс – Киргиз, Монгол Улс – Узбекстаны Засгийн газар хоорондын комиссын дарга, Монгол Улс – ИБУИХУ-ын дугуй ширээний уулзалтын монголын талын ахлагчийн үүрэг гүйцэтгэж байна.
Сайнбуянгийн Амарсайхан Шадар сайдаар ажиллаж байхдаа Онцгой байдлын алба хаагчдын цалинг 3 удаа нэмэгдүүлж, 2020 онтой харьцуулахад офицер бүрэлдэхүүний цалин 103 хувиар, ахлагч бүрэлдэхүүний цалин 117 хувиар өссөн байна. Мөн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиар тооцох нөхцөлийг бүрдүүлжээ. Төв, орон нутаг дахь Онцгой байдлын салбар нэгж, Гал түймэр унтраах, аврах ангийн тоог нэмэгдүүлж, Эрэн хайх аврах нэгж 47 хувиар, хувцас хэрэглэл, албаны бэлэн байдал, нөөц хангалтыг 35 хувиар нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, 99 мянган малчин нэгдэж, 10 мянга гаруй хоршоо байгуулжээ. Стандартын салбарыг дэлхийн жишигт хүргэхийн тулд стандартын үйлчилгээг цахимжуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд бүсчилсэн хөгжлийн бодлогыг Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгон тусгаж, бүс орон нутгийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна.
С.Амарсайхан Шадар сайдын албыг шинээр хүлээн авч буй Х.Ганхуягт дээрх бодлогуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг захиж, Монголын ард түмний аюулгүй орчинд ажиллаж амьдрах баталгааг хангахын төлөөх үйлсэд нь амжилт хүслээ.
