Оюутолгойн сонсголыг зохион байгуулах ажиллагаа эхэллээ

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал 2025 оны арваннэгдүгээр сарын 13-нд “Оюутолгойн сонсгол” зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Оюутолгойн Хянан шалгах түр хороо 2025 оны долдугаар сарын 2-нд байгуулагдсан бөгөөд таван сар гаруй хугацаанд 12 удаа хуралдаж ажилласан. Түр хороог хуулийн дагуу зургаан сарын хугацаанд байгуулдаг бөгөөд энэ хугацаанд сонсголыг зохион байгуулах ёстой. Сонсгол зохион байгуулахаас 14 хоногийн өмнө гэрчийн нэрсийг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлах үүрэгтэй” гэж онцлов.
Хянан шалгах түр хороо 2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд сонсголыг зохион байгуулахаар тогтоол баталсан бөгөөд гэрчээр дуудагдах 300 орчим албан тушаалтан, иргэдийн нэрсийг гаргасан байна. Сонсголын нотлох баримтын хүрээнд 2006 оноос хойш Оюутолгойтой холбоотой шийдвэр гаргасан албан тушаалтнууд болон холбогдох байгууллагуудын төлөөллийг гэрчээр дуудахаар төлөвлөжээ.
Тодруулбал, Монгол Улсын гурван үеийн Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд, 25 Засгийн газрын гишүүд, 39 УИХ-ын гишүүн болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, салбар яам, Сангийн яам зэрэг олон байгууллагын нэрсийг зарлажээ.
Гэрчүүд сонсголд биечлэн ирж, олон нийтэд эргэлзээтэй асуудлыг тайлбарлан, бодит үнэн мэдээллийг өгөх боломжтой гэж үзэж байна.
