Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюутолгой” төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд санал солилцов

2025-11-12 10:151min
20251112-101551-file.jpeg
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захиралтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслийн зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөрийг бууруулах талаар амжилттай хэлэлцээ хийжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр хоёр тал “Оюутолгой” төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр хэлэлцээ амжилттай үргэлжилж, зарчмын тохиролцоонд хүрсэн болохыг онцолж, хэлэлцээг амжилттай урагшлуулж, бодит үр дүнд хүргэх нь чухал гэдэгт санал нэгдэв.

Ерөнхий сайд зээлийн хүүг бууруулах асуудлыг “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаас тусад нь авч үзэж, шийдвэрлэх нь зүйтэйг тэмдэглэж, цаашид “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилж байх нь Монгол Улсын ашиг сонирхлыг бүрэн төлөөлөхөд чухал алхам болохыг онцолсон.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон “Оюутолгой” төслийн Монголын талд ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдын дэвшүүлсэн саналуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.