Монголд эмчлэх боломжгүй оношоор гадаадад эмчлүүлсэн иргэдэд зардлын 20-50 хувийг буцаан олгоно

2025-11-10 10:501min
20251110-105056-file.jpeg

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдэд зориулан гадаад эмчилгээг зохицуулах албаны үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тус алба нь Монголд эмчлэх боломжгүй хүнд өвчтэй иргэдийн гадаадад эмчлүүлэхэд санхүүгийн дарамтыг бууруулах, үнэн бодит мэдээлэл өгөх, гадны эмнэлгүүдтэй хамтран хөнгөлөлттэй үнээр чанартай тусламж үйлчилгээ авахад шаардлагатай дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

2024 оноос 2025 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 13,008 иргэн гадаад улс руу зайлшгүй шаардлагаар болон өөрийн хүсэлтээр эмчилгээнд явсан бөгөөд ихэнх нь БНСУ, БНХАУ, БНТУ-ыг зорьсон байна.

Монголд эмчлэх боломжгүй найман мэргэжлийн чиглэлд багтсан 25 өвчний жагсаалтыг 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан бөгөөд энэ нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэд буцаан олголт авахын тулд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Эрүүл мэндийн яамны Санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах орон тооны бус зөвлөлд хандах бөгөөд зөвлөл нь материалыг хянаж, шийдвэр гаргана.

Иргэд сүүлийн эмчилгээ авснаас хойш гурван сарын дотор иргэний өргөдөл, үнэмлэх, эмнэлгийн дүгнэлт, төлбөрийн баримт зэрэг шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн хандах ёстой бөгөөд насанд хүрэгчид нь сүүлийн таван жил тасралтгүй Эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлагатай.

Тус алба нь “Монголд эмчлүүлэх боломжгүй” гэсэн дүгнэлттэй иргэдийн материалыг хүлээн авмагц түргэн шуурхай ажиллаж, гадаадын боломжит эмнэлгүүдтэй холбох, шаардлагатай нэмэлт материал бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

“Монголд эмчлүүлэх боломжгүй” гэсэн дүгнэлтийг эмчилгээнд явахын өмнө авах шаардлагатай юм.