Авлигатай тэмцэх газрын шалгалтаар 721.1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулжээ

2025-11-10 12:111min
20251110-121103-file.jpeg

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс явуулсан хяналт шалгалтын үр дүнд нийт 721.1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулжээ.

Авлигын эсрэг хуулийн дагуу албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулахад, Засгийн газрын 2013 оны тогтоолын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгч нарт зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн байжээ.

Хөдөлмөрийн сайд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нар 2013 онд “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” байгуулж, дээрх мөнгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Оёдлын нэгдсэн холбоо руу шилжүүлсэн бөгөөд тус холбоо 18 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан санхүүжилт олгосон ч 2025 оны 8 дугаар сарын байдлаар 15.6 тэрбум төгрөг төлөгдөөгүй байжээ.

Хяналт шалгалтын явцад Оёдлын нэгдсэн холбооноос зээл авсан аж ахуйн нэгжүүдтэй холбоотой албан тушаалтнуудын давуу байдал олгосон эсэх, хамаарал бүхий этгээд эсэх болон хууль зөрчсөн эсэхийг шалгаж, төрийн эрх ашигт учруулсан их хэмжээний хохирлыг 12 жилийн дараа нөхөн төлүүлсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээс ирүүлсэн албан бичигт “Эрдсүлж” ХХК-иас 2015 онд гаргасан шүүхийн шийдвэрээр 812.3 сая төгрөг гаргуулах болсон ч Авлигатай тэмцэх газрын идэвхтэй ажиллагааны үр дүнд 721.1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан талаар талархал илэрхийлсэн байна.