Төв, Сэлэнгийн зүүн, Дархан-Уул, Дорнодод их цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр Төв, Сэлэнгийн зүүн хэсэг, Дархан-Уул, Дорнод аймгийн нутгаар их хэмжээний цас орж, Хэнтийн өмнөд болон Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байна. Энэ талаар малчин, иргэд, тээвэрчдэд онцгойлон сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна.
2025 оны 11 дүгээр сарын 7-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, 7-8-ны өдрүүдэд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрч, үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй байна. Зам, даваа гүвээ халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуурга гарахыг онцгойлон анхааруулж байна.
11 сарын 7-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Температурын хувьд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -6…-11 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байх төлөвтэй байна.
УЛААНБААТАР хот орчмоор үүлэрхэг, их цас орж, цасан шуурга шуурах бөгөөд салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Өдөртөө 0 градус орчим байх юм.
БАГАНУУР орчмоор үүлэрхэг, их цас орж, цасан шуурга шуурах бөгөөд салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэх ба өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ орчмоор үүлэрхэг, их цас орж, цасан шуурга шуурах бөгөөд салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэх ба өдөртөө -2…-4 градус хүйтэн байх төлөвтэй байна.
