Цас орж салхины эрч ширүүссэнээс нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт орлоо. ЦУОШГ-аас мэдээлснээр, өнөө шөнө ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, салхины эрч ширүүсэх тул Чингис хаан олон улсын нисэх буудлын орчимд алсын барааны харагдац муудаж, үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй байна.
Үүний улмаас МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс дараах нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.
Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 дугаартай нислэг Истанбулын цагаар 20:50 цагт хөөрч, маргааш 10:00 цагт Чингис хаан ОУНБ-д бууна.
Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 нислэг 11:00 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 15:35 цагт Нарита ОУНБ-д бууна. Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 нислэг 17:35 цагт Нарита ОУНБ-с хөөрч, 22:40 цагт Чингис хаан ОУНБ-д бууна.
Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301 нислэг 11:05 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 15:25 цагт Инчон ОУНБ-д бууна. Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 нислэг 16:40 цагт Инчон ОУНБ-с хөөрч, 19:25 цагт Чингис хаан ОУНБ-д буухаар төлөвлөжээ.
Цас орж, замын халтиргаа гулгаа үүсэх, хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул зорчигчдод нислэгийн хуваарьт цагаас 2-3 цагийн өмнө нисэх буудалд очиж нислэгийн бэлэн байдлаа хангахыг анхааруулж байна.
