Увс аймагт нөхрөө хөнөөхөөр завдсан эмэгтэй, нууц амрагт хорих ялыг бууруулжээ

2025-11-06 11:511min
20251106-115100-file.jpeg

Увс аймгийн Бөхмөрөн суманд 36 настай эмэгтэй О болон түүний нууц амраг 39 настай эрэгтэй Ц хамтран нөхрийгөө хөнөөх зорилгоор уух зүйлд нь хулганы хор, хүнсний зориулалттай уксус хийж уулгасан хэрэг гарсан билээ. Анх шүүхээс О-д 13 жилийн, Ц-д 12 жилийн хорих ял оноосон байсан юм.

Гэвч хяналтын шатны шүүхэд О болон Ц-ийн өмгөөлөгч нар ял хөнгөрүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгуулах гомдол гаргасныг шүүх хэлэлцэж, нөхрийн биед гэмтэл тогтоогдоогүй, шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан ял оноосон хугацааг бууруулжээ.

Ингэснээр О-д 10 жилийн, Ц-д 9 жилийн хорих ял оногдуулсан байна.

Хэргийг эргэн сануулахад, О болон нөхөр Б 17 жил гэр бүл болсон ч О нь Ц-тэй харилцаа тогтоож, нөхрийгөө хоёр өдрийн дотор хоёр удаа хордуулах гэж оролдсон бөгөөд нөхөр нь эмнэлэгт хэвтэж байх үедээ гурав дахь удаагаа түүнийг алахыг завдсан үйлдэл гаргасан байна.

Ц нь шүүхэд “Бид хоёр үнэхээр бие биедээ хайртай. Нөхрөө нас барахаар надтай хамт амьдарна гэж байсан. Тиймээс надаар тийм зүйлсийг хийлгэсэн” гэж мэдүүлжээ.

Шүүхээс тус хоёр иргэнийг бүлэглэн хүн хөнөөхийг завдсан гэж үзэн, эхэндээ 13, 12 жилийн ял оноосон юм.