Цахим орчинд БНСУ руу ажилд зуучилна гэсэн зарын дагуу 50 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ

Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож, иргэн Б 50 сая төгрөг шилжүүлэн залилуулсан хэрэг 2025 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Ийм төрлийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийн тулд гадаад улс руу ажиллах, суралцах, зорчих асуудлаар зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй зуучлагч байгууллагаар үйлчлүүлэх, хувийн этгээд эсвэл танил талаас ирсэн саналд мөнгө шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн Ерөнхий газар анхааруулж байна.
Мөн гадаадад ажиллах зуучлалын талаар баталгаатай мэдээллийг зөвхөн төрийн болон итгэмжлэгдсэн байгууллагаас авбал зохино.
БНСУ-ын визийг зөвхөн тус улсын элчин сайдын яамнаас олгодог тул цахим орчинд тарж буй гадаад улс руу гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэхгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж байна.
