Энэ сарын 6-8-нд нутгийн зарим хэсгээр гамшигт хэмжээний цас орж, цаг агаар тогтворгүй болно

2025-11-06 10:211min
20251106-102103-file.jpeg

Энэ сарын 6-ны пүрэв гаргийн оройноос эхлэн нутгийн баруун өмнөд хэсгээр цаг агаар тогтворгүй болж, говь, төв аймгуудын нутгаар эрчимжих төлөвтэй байна.

7-8-ны өдрүүдэд Архангай аймгийн зүүн хэсэг, Дундговь, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн ихэнх сумдын нутгаар 10-20 мм хэмжээтэй нойтон цас орж, их хэмжээний цасны гамшигт үзэгдэл болохыг Цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар 5-9 мм нойтон цас орж, их цасны аюултай үзэгдэл, Төв, Хэнтий, Дорнод аймгийн ихэнх нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах төлөвтэй байна.

Цасны зузаан 15-20 см хүрч, гуу жалгандаа илүү зузаан цасан бүрхүүл тогтох магадлалтай бөгөөд энэ нь малын бэлчээрлэлт, ялангуяа бог малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулах эрсдэлтэй юм.

Мөн үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх, зам, эрчим хүчний шугамд мөстөлт үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.