Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбат “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан билээ. Тэрбээр Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан долоо дахь гавьяат буюу энгийн аврагчаас төрсөн хоёр дахь залуу гавьяат юм.
Тэгвэл Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд ажил үйлсээрээ салбартаа манлайлж нутаг орныхоо нэрийг өндөрт өргөсөн Монгол Улсын “Үйлчилгээний гавьяат” ажилтнаа Хөвсгөл аймаг дахь “Шинэ Мөрөн” хороололд гурван байраар шагнаж, урамшуулжээ.
Ахлах дэслэгч Х.Мөнхбат 2008 оноос хойш 11 жил Онцгой байдлын албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй. Зэвсэгт хүчний анги салбарт ажиллаж явсан түүнд онцгой байдлын албанд ажиллах саналыг анх танил ах нь тавьснаар энэ албатай амьдралын зам мөрөө холбожээ.
Тэрбээр 2011 онд “НИК Петровис” компанийн шатахуун тээвэрлэгч хоёр автомашин Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 м-ийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, 1 хүний цогцсыг гаргасан бол хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон байна.