Боловсрол

Математикийн олимпиадаас алтан медаль авсан М.Өнөболдыг 10 сая төгрөгөөр шагнав

Ирэх жил буюу 2020 оны Улсын математикийн олимпиадыг Математикийн ШУ-ы доктор, профессор, Улсын математикийн олимпиадын “Анхны Аварга Математикч”, Ц.Баясгалан агсаны нэрэмжит болгон зохион явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү математикийн 56-р олимпиадыг Космо Групп болон Ц.Баясгалан агсаны гэр бүл, шавь нар хамтран зохион байгуулахаар олимпиадын тугийг өртөөлөн авсан.

Туг хүлээн авах үеэр Космо Группын ерөнхийлөгч Б.Батбаасан 2019-2020 онд зохион байгуулагдах Олон Улсын Математикийн 60, 61-р Олимпиадаас алтан медаль авах сурагч бүрийг 10,000,000 сая төгрөгөөр шагнахаа амлан, батламж бичгийг Математикийн олимпиадыг зохион байгуулах хороонд 2019 оны 5-р сарын 5-ны өдөр албан ёсоор гардуулсан юм.

Энэ сайхан ерөөл маань биеллээ олж Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн 60-р Олимпиадад Монгол улс багаараа амжилттай оролцож 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль авсан ба 1 тусгай байрт шалгарчээ.

Ийнхүү Олон Улсын Математикийн олимпиадад оролцож 3 дахь алтан медалийг олон жилийн дараа эх орондоо авчирч түүхэн амжилт гаргасан багш сурагчдыг “Космо Групп”-ийн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлэн амласан амлалтаа биелүүллээ.

Мөн Олон Улсын Математикийн 38-р Олимпиадаас Монгол улсын анхны Алтан медалийг авчирсан шавийг бэлтгэн хүмүүжүүлсэн нэрт математикч Н.Эрдэнэ агсны гавьяаг хүндэтгэн түүний гэр бүлд болон Олон Улсын Математикийн 53-р Олимпиадаас 2 дахь алтан медалийг хүртсэн шавийг бэлтгэн хүмүүжүүлсэн эрхэм багш Ж.Батбаяр, Олон Улсын Математикийн 60-р Олимпиадаас 3 дахь алтан медалийг хүртсэн шавийг бэлтгэн хүмүүжүүлсэн эрхэм багш Н.Баянбат нарын оюуны хөдөлмөрийг өндрөөр үнэлэн мөнгөн урамшуулал олгосон юм. Түүнчлэн “Космо Групп”-ийн ерөнхийлөгч Б.Батбаасан бидний ирээдүй болсон залуу үеийнхний оюуны хөгжилд хөрөнгө оруулж, Монголын математикийн төлөө тууштай зүтгэнэ гэдгээ илэрхийлсэн юм.

8427d4_4_x974 Математикийн олимпиадаас алтан медаль авсан М.Өнөболдыг 10 сая төгрөгөөр шагнав

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close