Дэлхийн Хепатитийн өдөр–2019, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөгийг энэ сарын 26-ны өдөр орон даяар зохион байгууллаа.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхээр ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дах суурин Төлөөлөгчийн газар, НЭМҮТ, Улсын 1, 2, 3-р төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, НЭМГ, Дүүргүүдийн ЭМГ, Оном сан, Мөнгөн гүүр эмнэлэг зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийн баг ажилласан юм.
Тус өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд В, С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 105 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ хийлгэх 50 хувь хөнгөлөх эрхийн бичиг 530 хүнд үзлэг, шинжилгээ болон оношилгоо нийт 8325 хүнд хийгдсэн байна. Мөн иргэдэд 5940 ширхэг тараах материал тарааж мэдээ мэдээллээр ханган ажиллажээ.
Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Мөн энэхүү өдрийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон эмнэлэг дээрээ “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж, “Элэгний вирусийн тухай ойлголт, шинж тэмдэг, оношилгоо эмчилгээ”, “Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх нь”, “Д амин дэмийн дутлаас сэргийлье”, “Хепатит үүсэх шалтгаан, илрэх шинж, оношлогоо, эмчилгээ урьдчилан сэргийлэлт”, “Элэгний хавдраас сэргийлэх, оношилгоо эмчилгээ” зэрэг сэдвүүдээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулан “Элэгний эмгэгийн үеийн 7 хоногийн хоол эмчилгээ”-ний үзэсгэлэн гаргаж, хүрэн манжин, бууцайны 2 төрлийн жүүсний амталгааг нийт 250 иргэдэд явуулж, “Элэгний эмгэгийн хоол эмчилгээ” сэдэвт гарын авлага бэлтгэн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллажээ.