Засгийн газар 2027 оныг эрүүл мэндийг хамгаалах жил болгон зарлаж, эмч нарын цалинг үе шаттай нэмнэ

2025-11-05 16:051min
20251105-160527-file.jpeg

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн шийдвэрүүдийг танилцууллаа. Засгийн газар 2027 оныг “Эрүүл мэндийг хамгаалах жил” болгон зарласан байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг шинээр томилсон бөгөөд шинэ дарга нь МУИС, Шихи хутаг, БНХАУ, Тайваньд дээд боловсрол эзэмшсэн, татварын мэргэшсэн зөвлөх хүн юм.

Сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, Эрүүл мэндийн даатгалын газар цар тахлын дараах хяналт сул, гэрээний аргаар илүү их санхүүжилт авсан, архаг болон цочмог өвчнийг эмчлэхдээ өөр өөр үнийн дүн тавьсан зэрэг зөрчил гарсныг хуулийн байгууллагаар шалгуулах болсон талаар мэдээлэв. Тухайлбал, ковидын үед ЭМДС-ийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөс үүдэн санхүүжилт ихэссэн ч чанарыг харгалзаагүйгээс эмнэлгүүд олон хүнд үйлчлэхийг эрмэлзсэн нь 230 мянган зөрчил, 730 завших шинжтэй зөрчил илрүүлсэн байна.

Засгийн газар боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарч, эдгээр салбаруудыг төсвөөс 100 хувь санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нийгмийн эрүүл мэндийг дэмжинэ гэдгээ онцлов. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг өвчтөндөө аав ээж шигээ хандаж, ёс зүйн өндөр шаардлага тавьж ажиллахыг уриалсан.

Цалинг үе шаттайгаар нэмэхэд анхаарч ажиллах бөгөөд 3.5 сая төгрөгөөс дээш цалинтай болгох зорилт тавьж байна. Тэрбээр Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзаж, 2026 оноос эмч нарын цалинг нэмэхээр тохиролцсон бөгөөд ЭМДЕГ-ыг цэгцлэх шаардлагатайг тэмдэглэв.

Мөн Ерөнхийлөгч уламжлалт анагаах ухааныг дэмжих зарлиг гаргасныг онцлон тэмдэглэж, Монголын уламжлалт анагаах ухаан 1000 жилийн настай, бага зардлаар үр дүнтэй эмнэлгийн тусламж үзүүлдэг гэдгийг дурдав. Хануур, зүү, бариа заслын эмчилгээнүүд ашиг тустай бөгөөд Европын орнуудад манай эмч нар энэ чиглэлээр ажиллаж, түүхий эдийг Монгол улсаас татдаг байна.