Д.Алтансүх жүдо бөхийн ахмадын ДАШТ-ий эхний өдөр хошой медальтан боллоо

2025-11-04 11:311min
20251104-113133-file.jpeg

Францын нийслэл Парис хотод өчигдөр эхэлсэн жүдо бөхийн мастерс буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг өндөр амжилт үзүүлж байна. Тус тэмцээнд 66 орны 2400 гаруй жүдоч оролцож байгаа бөгөөд эхний өдөр Монголын баг таван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 14 дүгээр байрт жагсаж эхэллээ.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн M1 (30–34 нас) болон M2 (35–39 нас) ангиллын жингүүдийн барилдаан болж, Монголын жүдочдоос М1 ангиллын 60 кг-д Б.Сайнтөр, М2 ангиллын 60 кг-д Б.Энхтөр, 66 кг-д П.Амаржаргал, 73 кг-д Д.Алтансүх, 81 кг-д Р.Анхбаатар нар тус бүр хүрэл медаль хүртсэн байна.

Тус тэмцээний эхний өдөр медальт байранд орсон ахмад бөхчүүдийн нэг Д.Алтансүх нь 2024 онд мастерс ангиллын ДАШТ-д түрүүлж байсан бөгөөд энэ удаад дэлхийн хошой медальтан болжээ.

Тэмцээний эхний өдөр Гүрж улсын баг таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэн хүснэгтийг тэргүүлж байгаа бол Бельги, Бразил, Итали, Казахстан, Францын багууд удаалж байна.

Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын пүрэв гарагт өндөрлөнө.