СХД-ийн түлшний цэгүүдийн нөөц нэмэгдэж, иргэдэд гурван төрлийн түлш борлуулж байна

2025-11-03 08:161min
20251103-081603-file.jpeg

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Сүхбаатар дүүргийн 33 дугаар хорооны 105 дугаар түлшний цэгт ажиллалаа.

33 дугаар хороо нь 7,350 өрх, 30 мянган хүн амтай бөгөөд өнгөрсөн жил үерт өртсөн айл өрхүүд энд суурьшиж, шинэ суурьшлын бүс үүссэнтэй холбоотойгоор түлшний эрэлт нэмэгдэж байна гэж тус хорооны Засаг дарга М.Тэмүгэ мэдээлэв.

А.Амартүвшин орлогчийн хэлснээр, иргэдээс түлшний хүрэлцээ муу, савлагааны жиндээ хүрдэггүй гэх гомдол ирсэн тул Тавантолгой түлш ХХК-д ажиллаж, түлшийг илүү жинтэй савлах үүрэг өгсөн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногоос түлшний борлуулалтын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, нийслэлийн 397 цэгийн 315 нь 2,000 гаруй тонны нөөцтэй хонож байгаа аж.

Сүхбаатар дүүргийн 33 дугаар хороо болон Тахилт орчимд нийт 13 түлшний цэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өдөрт 130 тонн түлш зарагддаг ч зарим цэгүүдэд 10 тонн түлш 2-3 цагийн дотор дуусаж, иргэдийн гомдол тасрахгүй байна.

Иймд зарим цэгүүдэд өдөрт хоёр удаа 10 тонн түлш нийлүүлэх, гурван шинэ цэгийг нээж нүүрс татах үүрэг өгсөн байна.

Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлшний нөөцийг хянах боломжтой бөгөөд цэгүүдийн нөөц хурдан дуусах асуудлыг судлаж, аппликейшний давхардлыг арилгах ажил үргэлжилж байна.

Мөн нүүрсийг тодорхой хэмжээгээр цуглуулж, нам даралтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд өндөр үнээр борлуулах зэрэг зөрчлүүд илэрч, 33 мянган картыг идэвхгүй болгож, нэг өрхөд нэг карт олгох системийг мөрдөж эхэлжээ.

Иргэд “Хотула” апп, “Сайн” карт болон иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлш авах боломжтой.

Өнөөдрөөс эхлэн гурван төрлийн түлш борлуулж байгаа бөгөөд үүнд хагас коксон шахмал түлш, сайжруулсан шахмал түлш, мөн 7-10 хоногийн хугацаанд угааж баяжуулсан мидлинг түлш багтаж байна.

12 дугаар сараас эхлэн 100 хувь хагас коксон шахмал түлшний хэрэглээнд шилжихээр төлөвлөж байгааг албаныхан онцоллоо.