Гэр хорооллын айл өрхүүдэд оройн цахилгааны тарифын хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

2025-11-02 17:371min
20251102-173735-file.jpeg

Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифад хөнгөлөлт үзүүлэх журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.

Шөнийн тарифын хөнгөлөлтийг 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаанд үзүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтөд нийслэл, аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрхүүд хамрагдах юм.

Хөнгөлөлт эдлэхийн тулд цахилгааны үлдэгдэл төлбөргүй байх, зөвхөн ахуйн хэрэгцээнд болон гэр сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэж байгаа, мөн цагийн ялгавартай тариф тоолууртай байх шаардлагатайг албаныхан анхаарууллаа.

Цахилгааны төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтыг үндэслэн өдөр, орой, шөнийн хэрэглээ тус бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг тодорхойлж, 150 квт.ц, 151-300 квт.ц, 300 квт.ц-аас дээш гэсэн гурван шатлалт тарифаар үржүүлэн нийлбэр дүнг гаргадаг байна.

Шөнийн тарифын хөнгөлөлт нь 2017 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд агаарын бохирдлыг бууруулах зорилготой юм.

Энэ жил улсын төсөвт шөнийн тарифын хөнгөлөлтөд зориулан 81 тэрбум төгрөгийг суулгажээ.